Herder, Mongolia

Ямаанаас хүрэм хүртэл 

Тогтвортой байдлыг ноолуураар төсөөлөхүй 


Петер Кужавински


Бид дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн төлөө энэ хүртэлх аяллынхаа явцад гол төлөв амар, хялбарыг нь хийж хэрэгжүүлсээр иржээ. Өнөөдөр бид илүү хэмнэлттэй гэрлийн чийдэн ашигладаг, бага цаас хэрэглэдэг, олон төрлийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулдаг болсон. Түүнчлэн олон хүн хосолмол эсвэл цахилгаан хөдөлгүүртэй машин унадаг болжээ. Бизнесийн байгууллагууд ч хувь хэрэглэгчдийн нэг адилаар тогтвортой хөгжлийн төлөөх эл аялалд гарч эхний амжилтаа тэмдэглэж байгаа боловч цаана нь урт зам бий. Тогтвортой хөгжлийн дараагийн алхмууд эхнийх шигээ энгийн, хялбар байхгүй гэдгийг хэрэглэгчид ч, бизнесийнхэн ч ойлгож байгаа. Тэдгээр нь цаашид илүү гүн гүнзгий, урт удаан хугацаанд үр нөлөөгөө үзүүлнэ гэдэг нь маргаангүй.

Жишээлбэл, эрэлт ихтэй бэлэг буюу ноолууран цамцны нийлүүлэлтийг шинээр загварчлах санаачилгыг авч үзье. Ноолуурыг илүү тогтвортой бүтээгдэхүүн болгох нэгэн том төсөл Монгол улсад хэдэн жилийн өмнөөс хэрэгжиж байна. Энэ ажилд уул уурхайн том компани Рио Тинто, тансаг хэрэглээний бараа үйлдвэрлэгч Керинг, ашгийн бус байгууллага Зэрлэг байгаль, амьтдыг хамгаалах нийгэмлэг (ЗБАХН), Стэнфордын их сургууль, бүр НАСА (АНУ-ын Үндэсний агаарын тээвэр, сансар судлалын газар) зэрэг өөр өөр чиглэлийн байгууллагууд нэгджээ. Энэ төсөл тогтвортой байдалд чиглэсэн том алхам хэрэгжүүлэхэд үүсэх сорилт болон дагалдах боломжуудыг онцлон харуулж байна. Төслийн цаашдын боломжийн тухай Стэнфордын их сургуулийн нийтлэл-д товч тайлбарлахдаа: “Бизнесийн, хөгжлийн санхүүжилтийн, иргэний нийгмийн салбар дахь олон улсын тоглогчид идэвхтэй оролцож хамтран шинийг санаачилж, хамтдаа суралцаж, түгээн дэлгэрүүлж байгаа учраас [энэ төсөл] Монгол улсаар үл хязгаарлагдах хол давсан үр нөлөөтэй” гэжээ.

Goats, Mongolia

“Өмнөговийн ноолуур” төслийн түүх Монголын өмнийн говиос эхэлж байна. Энэ бол өвс ургасан чулуурхаг газрын гадаргатай өвөрмөц давтагдашгүй экосистем бөгөөд чулуужсан динозавр, ирвэс, хоёр бөхт тэмээний нутаг юм. Энд зундаа халуун боловч өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг. Ирсэн зочид, оршин суугчдын аль аль нь эндэхийн өвөрмөц онцлог бол зах хязгааргүй тэнгэрийн хаяа гэж үздэг. Монгол дахь Оюу толгойн зэсийн уурхайг эрхлэгч Рио Тинто компанид ажилладаг Батхүүгийн Амар говь цөлд ажиллаж амьдарсан талаараа ярихдаа “Энд тэнгэрийн хаяа руу ширтэх бүртээ ямар алс хол болохыг нь мэдэрдэг. Ой мод, уул толгод гээд ямар ч халхлах/торох юм байхгүй. Зөвхөн асар өргөн уудам байдлыг мэдрэх мэдрэмж төрдөг” гэсэн юм.

Монголын өмнийн говийн уудам тал бол тус улсын ноолуурын үйлдвэрлэлийн төв юм. Говийн бэлчээр нутагт олон үүлдрийн ямаанууд бэлчих бөгөөд хавар бүр тэдний ноолуурыг самнаж авдаг. Ингэхдээ хамгийн нарийн доод хэсгийг нь ноолуур болгож авдаг байна.

Энэ бол үнэхээр гайхалтай материал бөгөөд хонины ноосноос хэд дахин дулаан, илүү зөөлөн, хөнгөн. Гэхдээ үүнийг гаргаж авах хамаагүй хэцүү. Нэг хонь жилийн хугацаанд дөрвөн ноосон цамц үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний ноос өгдөг бол жилд дөрвөн ноолууран цамц үйлдвэрлэхийн тулд 16-32 ямаа самнах хэрэгтэй болно. Яг энэ зөрүүтэй байдал нь ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортой болгох зөрүүд бөгөөд хүнд хэцүү эрэл хайгуулын цөм нь болдог.

Олон зууны турш ноолуурын үйлдвэрлэл өөрийн тэнцвэрт байдлыг хадгалж иржээ. Монгол малчид ямааг тэмээ, адуу зэрэг таван хошуу малынхаа нэг хэсэг болгож өсгөдөг. Эдгээр гаршуулсан амьтдыг Монгол орны асар уудам нутагт тогтвортой өсгөж малладаг бөгөөд тоо толгой нь хэзээ ч экосистемээсээ давж байсангүй. Тэр ч байтугай ирвэс гэх мэт араатан амьтад хүртэл энэ тэнцвэрт байдлыг нь хадгалж зэрэгцэн оршсоор иржээ.

Нэгхэн үеийн өмнө ноолуурын дэлхийн зах зээлийн эрэлт огцом нэмэгдсэнээр энэ тэнцвэр эрс алдагдсан юм. Өмнөговийн ноолуур төслийн хүрээнд ЗБАХН болон Керинг компанид ажиллаж байсан доктор Хелен Кроулий хэлэхдээ,“…дээрх эрэлтийг хангахын тулд Монгол малчид ямааныхаа тоо толгойг дөрөв дахин нэмэгдүүлсэн…” гэжээ. Говь цөлийн үржил шим багатай газар нутагт ийм олон ямаа маллах болсон нь бэлчээрийн доройтол үүсгэж улмаар зэрлэг байгаль, амьтдад сөргөөр нөлөөлж экосистемийн тэнцвэрийг ихээхэн алдагдуулсан байна.

Goats and herder, Mongolia

Албан бусаар “Ямаанаас хүрэм хүртэл” гэж нэрлэгддэг энэ төслийг экологид учруулсан хохирлыг нөхөн сэргээхийн зэрэгцээ Монгол малчдын амьжиргааг хэвээр хадгалж тус бүс нутгийн зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор бий болгожээ. Төслийн гол түнш байгууллага нь ЗБАХН, дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани Рио Тинто компани, түүний түнш дэлхийн хэмжээний зэс, алтны уурхай Оюу Толгой компани, мөн Gucci, Saint Laurent, Balenciaga, Bottega Veneta зэрэг тансаг брэндийн бараа үйлдвэрлэгч Францад төвтэй Керинг компани юм.

ЗБАХН энэ төслийг мал аж ахуй, зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр Өмнөговийн ард иргэдэд техникийн туслалцаа үзүүлэх арга зам гэж харжээ. Говь цөлийн энэхүү өвөрмөц бөгөөд, эмзэг экосистем нь хулан, хар сүүлт, янгир, аргаль, ирвэс гэх мэт олон зүйлийн амьтдын эх нутаг юм. Рио Тинто компани Оюу Толгойн уурхайн тодорхой хэсгийг эзэмшигч, уурхай эрхлэгчийн үүргийг Өмнөговьд гүйцэтгэдэг. Дэлхийн хамгийн том уурхайн нэг болох энэ уурхай хулан, хар сүүлт, бэлчээр гэх мэт тус бүс нутгийн биологийн олон янз байдлын тэргүүлэх чиглэлүүдийн хувьд цэвэр үр ашиг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Ерөнхийдөө Оюу Толгой уурхай Өмнөговийн байгаль орчныг анх ирснээсээ илүү сайн нөхцөлд оруулж үлдээхээр тохиролцсон гэсэн үг. Энэ амлалтаа биелүүлэхэд туслах нэг хөтөлбөр бол эл ноолуурын төсөл юм. Оюу Толгойн уурхай нээгдэх үед Өмнөговийн нутгийн ихээхэн хэсэгт бэлчээрийн доройтолд орох эрсдэл аль хэдийн тулгарсан байсан. Энэхүү төсөл нь уг доройтлыг бууруулахыг оролдохын сацуу малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Эдгээр зорилтуудыг нэгтгэхийн тулд ЗБАХН, Рио Тинто компани тансаг хэрэглээний барааны Керинг компанитай нягт хамтран ажилласан бөгөөд маш чухал түншлэл болох нь нэг гол шалтгаанаар нотлогддог. ЗБАХН, Рио Тинто хоёр ноолуур нийлүүлэлтийн сүлжээний эхэн хэсэгт төвлөрөн ажиллаж байгаа бол Керинг компани төгсгөл хэсэгт нь ажиллаж байна.

Camel-riding, Mongolia

Өмнөговийн ноолуур төслийн Хөтөлбөрийн захирал Стюарт Анстий ярьж байгаагаар төсөл анх эхлэх үед нийлүүлэлтийн сүлжээнд болгоомжтой хандаж анхаарал тавих, түүнийг эвдэхгүй байх зорилго тавьж байжээ. Гэвч Стюарт болон бусад хүмүүс “маш их өгсүүр замтай, маш их сургамжтай суралцах үйл явцыг туулсны” дараа ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг эвдэх шаардлагатай гэж үзэх болжээ. Энэ бол малчид ямааныхаа ноолуураас илүү ашиг хүртэх боломж олгох цорын ганц арга зам гэж тэр хэллээ.

Төслийн эхэн үед Монгол малчид ноолуурын үнэ тогтоогчид байв. Өөрөөр хэлбэл, тэд түүхий ноолуураа өгч болох ямар ч хамаагүй үнээр зарж борлуулдаг байв. Стюартын тооцоогоор, хэрэв ноолуурын үнэ цэнийг нэг доллар гэж үзвэл малчид гаргасан хүчин чармайлтынхаа үр дүнд тавхан цент авч байна гэсэн үг. Ийнхүү өчүүхэн бага хувь хэмжээний ашиг хүртэж байгаа нь малчдад ноолуур үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхол төрүүлсэн бөгөөд энэ нь илүү олон ямаа өсгөж, говь нутгийн бэлчээрт илүү их дарамт учруулна гэсэн үг юм. Ноолуурын төсөл нь малчид нийлүүлэлтийн сүлжээнд гүйцэтгэх үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх замаар шат ахих боломж олгоод байна.

Тэр ч байтугай ноолуур бэлтгэж борлуулах хамгийн анхны алхам болох малчид ноолуурын доод талын нарийн ширхэгтэй хэсгийг дээд талын бүдүүн ширхэгтэй хэсгээс ялгаж авах харьцангуй энгийн алхам л гэхэд асар их нөлөө үзүүлдэг. Стюартын тооцоогоор, ямаа самнах ажлыг хийж буй малчид ноолуурын үнэ цэний нэг доллар тутмаас 5 цент биш, 50 цент олох боломжтой. Хэрэв тэд илүү их мөнгө олж, үнээ тогтоож чаддаг болбол цаашид илүү олон ямаатай болох шаардлагагүй болно.

Энэ бол энгийн санаа боловч төсөлд оролцож буй Стюарт болон бусад хүмүүсийн нотолж байгаачлан үндэстэн дамнасан эмх замбараагүй зах зээлийн нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд бэрх аж. Энэ нь малчдын хоршоод байгуулж нийлүүлэлтийн сүлжээтэй хамтран ажиллаж ноолуурыг дундын зуучлагч нараас бус, эдгээр хоршоодоос шууд худалдан авах шаардлагатай гэсэн үг. Энд Керинг компани оролцож малчдаас ноолуурыг хамгийн дээд үнээр худалдан авахаар амлаж байна. Үүний хариуд Керинг компани тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээхийн зэрэгцээ хэрэглэгчдэд хувцасных нь гарал үүслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Herder combing, Mongolia

Хэрэглэгчдэд тэдний худалдан авсан ноолууран цамц хаанаас гаралтай талаар илүү их ойлголт өгөх нь нэг чухал алхам боловч Өмнөговийн ноолуур төслийн хувьд амжилтын гол цөм нь хэмжиж болохуйц үр дүнд тулгуурласан байх юм. Энэ хэсэгт НАСА болон Стэнфордын их сургууль оролцож хэд хэдэн чиглэлээр шаардлагатай хиймэл дагуулын зургаар хангаж байна. Тэдний авсан зураг нь бэлчээрийн чанарыг үнэлэхэд туслахын зэрэгцээ өргөн уудам газар нутгийн хэмжээнд чанарын өөрчлөлтийг тогтооход тусалдаг. Оюу Толгой компанийн биологийн төрөл зүйл хариуцсан ахлах ажилтан Тулганямын Самданжигмэд сайн мэдэж байгаагаар энэ бол хялбар ажил биш. Тэрээр “Бэлчээрийн экологийн асуудлыг тогтооход үнэхээр хүндрэлтэй байна. Өөрчлөлт нэлээн удаан явагддаг” гэлээ. Өвлийн цагт говь нутаг заримдаа сарны гадаргуу шиг дүрслэгддэг бөгөөд харин зуны цагт ургамал, амьтны шинэ аймаг олж харахад хэцүү байх нь элбэг. Иймд хэмжиж болохуйц үр дүнд хүрэхийн тулд НАСА болон Стэнфордын авсан том хэмжээний зураг, газрын зургийг ашиглах нь шийдвэрлэх ач холбогдолтой.

Өмнөговийн ноолуур төслийг хамтын ажиллагааны загвар гэж харж болох боловч тогтвортой байдлын бусад үлгэр жишээг ч бий болгож байна: сайн чанарын кофе ба түүний үрийг хаана, хэрхэн хурааж авсан тухай түүх, загасны нөөц буурахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн загасны аж ахуйн менежмент, үнэт чулууны гарал үүслийн ёс зүйтэй байдлыг онцолдог алмазын уурхай гэх мэт. Хэдийгээр эдгээр загварын бүрдлүүд “Ямаанаас хүрэм хүртэл” төсөлд байдаг ч энэ төсөл нийлүүлэлтийн шинэ сүлжээ бий болгож байгаагаараа онцлогтой бөгөөд үүний үр дүнд малчид хөдөлмөрийнхөө үр шимийг илүү хүртэж, дэлхийн зах зээл тогтвортой бөгөөд ёс зүйтэй олборлосон ноолуур авдаг болж, Монголын говь цөл хөгжин цэцэглэх юм.

Малчдын хоршооны гишүүн Н.Наранбаатарын ярьж байгаагаар тус төсөл түүнийг өсөж хөгжихөд тусалж байгаа шиг малчдын байгууллагуудад ч дэмтэй байна. “Энэ санаачилгад оролцсоны ачаар бид шинэ зүйлс их сурч, зах зээлийн судалгаа, мэдээлэл авах боломж өргөжин тэлж байна”. “Одоо бид орлогоо яаж нэмэгдүүлэх, зах зээлд нийлүүлж байгаа малын гаралтай бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг хэрхэн илүү их хүртэхээ сайн мэддэг болсон. Бид зарим нэг амжилт, ахиц дэвшлийг ч хараад эхэллээ. Малчид бэлчээрээ хамгаалах, мал сүргийнхээ тоо толгойг үр дүнтэй удирдах талаар хамтран ажиллаж эхэлсэнд таатай байна” гэлээ.

Хэдэн жилийн хугацаанд тус төсөл ноолуурын зах зээлийг илүү тогтвортой байдал руу чиглэж байгаа эерэг шинж илэрч байна. Тухайлбал, уг төсөлд шинэ түншүүд нэгдэж эхэлсний дотор Францын “Хил хязгааргүй агрономич, малын эмч нар” байгууллага нэгдлээ. Мөн тогтвортой ноолуур холбоо гэх мэт малчдын нөлөөллийн бүлгүүд Өмнөговийн ноолуурын төслийн хүчин чармайлтыг дэмжихээ илэрхийлээд байна. Түүнчлэн бэлчээрийн тогтвортой менежментийн үр шимийг Монгол орны бусад газруудад хүртээх ажил ч хийгдэж байна. Харин говь нутгийн бэлчээр нөхөн сэргэхэд удаад байдаг учир энэ хөтөлбөр хэзээ цэвэр эерэг нөхөн сэргэлтэд хүргэх нь тодорхойгүй хэвээр байна.

Харин Рио Тинто шиг үндэстэн дамнасан том компанийн хувьд Өмнөговийн ноолуур төсөл аль хэдийн Монгол улсаас хальсан эерэг нөлөө үзүүлж эхлээд байна. Рио Тинто компанийн Мэдээлэл харилцааны менежер Робин Эллисон “энэ төсөл бол бид нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулан хэрхэн түншилж ажилладгийг харуулдаг хамгийн үлгэр жишээ хөтөлбөр юм” гэлээ. Мөн Рио Тинто компани дэлхийн эргэн тойронд буй үйл ажиллагааныхаа хэмжээнд ноолуур төслийн үлгэр жишээг авч хэрэглэхийг хүсэж байгаа гэж тэр нэмж хэлэв. Эндээс сургамж авах нэг тодорхой зүйл бол дэлхийн эргэн тойронд илүү тогтвортой байдлыг бий болгох нь нэг хүн эсвэл нэг байгууллагын дангаар хийдэг зүйл биш юм. ЗБАХН, Рио Тинто, Керинг, НАСА, Стэнфордын их сургууль зэрэг байгууллагын энэхүү онцгой түншлэл нь үндсэн суурь өөрчлөлт хийх боломжтойг харуулж байна.

Холбоотой мэдээлэл

Windfarm

Дэлхий нүүрстөрөгч багатай ирээдүйдшилжихэд хэрэгтэй таван зүйл

Салхи, нар, ус – сэргээгдэх эрчим хүч ашиглахад өөр юу хэрэгтэй вэ?
Copper in electric cars

Манай зэс яагаад  ялгардаг вэ?

Дэлхийн анхны хариуцлагатай үйлдвэрлэсэн зэсээр өргөмжлөгдсөн. 
Machinery, Oyu Tolgoi

Инновацын арван жил, амьдралд ховорхон тохиох боломж

Оюу Толгойн үйл ажиллагааны эхний 10 жилийг тодорхойлоход тусалсан олон онцгой мөчүүд