Хүн төрөлхтний хөгжилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхээр ээлтэй, дэвшилтэт замаар ажиллана
Зэс алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох Оюу толгойд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, тогтвортой хэрэгжиж буй уул уурхайн төслийг хэрэгжүүлж байна.
Шинэ мэдээ, онцлох мэдээлэл
Говийн алслагдсан нутагт ойролцоогоор 1.3 километрийн гүнд ажил хөдөлмөр өрнөж буйг та олж харах болно.
Монголын мянга мянган уурхайчид болон тэдэнд олон улсаас тусалж дэмждэг хамтран ажиллагсад өнгөрсөн 10 жилийн хугацаанд Рио Тинто, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан төсөл болох Оюу Толгойн гүний уурхайн хүдрийн нөөцөд хүрэхээр ажилласан юм.
Өнөөдөр бид гүний уурхайгаас олборлолт эхэлснийг тэмдэглэж байна. Гүний уурхайн олборлолт эхэлснээр Оюу Толгой нь дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгчдийн нэг болох юм. Оюу Толгойн гүний болон ил уурхай нь бүрэн хүчин чадлаараа жилд 6 сая цахилгаан автомашин үйлдвэрлэхэд шаардагдах зэсийг олборлоно.
Оюу Толгой 2013 оноос хойш ил уурхайгаас зэсийн баяжмал үйлдвэрлэхийн зэрэгцээ гүний уурхай бүтээн байгуулж, олборлолтыг эхлүүлэхээр бэлтгэж байсан юм.
Төслийн баг, хамт олон дэлхий нийтийн эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай түүхий эд болох зэсийг олборлох хамгийн ээлтэй аргыг бүх шатанд эрэлхийлсээр ирсэн. Усны нөөцийг зөв ашиглаж, аюулгүй ажиллагааг хангах шинэ технологийг туршиж, орон нутгийн санал бодлыг сонсох Гурван талт зөвлөл байгуулах зэргээр үйл ажиллагаагаа зогсолтгүй сайжруулсаар түүхийг хамтдаа бүтээлцэж байна. Цаашид ч хийх зүйл их байгааг бид мэднэ.
Энэ чухал үйл явдлыг тэмдэглэн Оюу Толгойн зарим фото зургийг сонгон танилцуулж байна. Эдгээр зурагт өгүүлэх түүхийг уншаарай.
Саран дээр бууж буй мэт харагдаж магадгүй, гэхдээ энэ бол “босоо амны аварга биет” гэж нэрлэгддэг уурхайн машин гүний уурхайн бүтээн байгуулалтын үеэр чулуун ханыг гүн өрөмдөхөөр бэлдэж буй ховорхон зураг юм.
Оюу Толгой хүдрийн биетийг олборлохдоо гүний уурхайн блокчлон олборлох технологийг ашигладаг. Блокчлон олборлох арга нь техникийн хувьд нарийн төвөгтэй боловч газрын татах хүчийг ашигладаг учраас хүдрийг гүнээс олборлох хамгийн аюулгүй бөгөөд зардал багатай арга юм.
Усны нөөцөд үзүүлэх уурхайн нөлөөг бага байлгах ёстой. Энэ хүрээнд гүний ус, худгууд, бусад усны эх үүсвэрүүдийг хамгаалахад нутгийн малчид, орон нутаг, засаг захиргаатай хамтран ажиллаж байна. Үүний нэг нь орон нутгийн усны үнэлгээний хөтөлбөр бөгөөд гар аргаар малчдын гаргасан худгийн усны түвшин болон чанарыг шалгадаг. Ингэснээр малчид худгийн усны мэдээллээ өөрсдөө авч, харьцуулж хянах боломжтой болдог.
Ус дахин ашиглах, хамгаалах туршлага нь Оюу Толгойг дэлхийд усны үр ашигтай хэрэглээгээрээ тэргүүлэх уурхайнуудын нэг болгож чадсан. Үйлдвэрлэлд ашиглах усыг ундны хэрэгцээнд ашиглах боломжгүй гүний давст усны нөөцөөс буюу Гүний Хоолойгоос татан авдаг. Үйлдвэрлэлд ашигласан усны ойролцоогоор 88%-ийг дахин ашигладаг бөгөөд нэг тонн хүдрийг боловсруулахад ойролцоогоор 0.4 куб.метр ус ашигладаг. Энэ нь үйлдвэрлэлийн дунджийн гуравны нэгтэй тэнцэнэ.
“Ямаанаас Хүрэм хүрэтл” нэртэй төсөл бол орон нутгийн тогтвортой хөгжил, нөлөөллийн онцлох хамтын ажиллагааны нэг. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Керинг, ашгийн бус Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Стэнфордын их сургууль, тэр байтугай NASA буюу Америкийн агаар, сансар судлалын агентлаг зэрэг байгууллагууд нутгийн малчид ноолуурын худалдааны сүлжээнд оролцож ашиг орлогоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг малчид болон үйлдвэрлэгчид аль алинд байгальд ээлтэй болгоход туслах зорилгоор бидэнтэй хамтран ажиллаж байна.
Говийн эмзэг экосистемд учруулах нөлөөллийг бага байлгах нь Оюу Толгойн онцлон анхаарах асуудлын нэг билээ. Бид нөлөөлөл учруулахаас зайлсхийх, бууруулах, нөхөн сэргээх, мөн биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх замаар хүрээлэн буй орчны нөлөөллийг багасгадаг.
Оюу Толгой компани орон нутгийн төрийн бус байгууллагатай хамтран заг мод тарих зэрэг биологийн төрөл зүйлийн үнэлгээ хийх, нөлөөллийг бууруулах төслүүдийг хэрэгжүүлдэг.
Оюу Толгой компани 2015 онд оролцооны гэрээг орон нутагтай байгуулсан бөгөөд хөгжлийн төслүүдэд жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж ирсэн. Энэ гэрээний дагуу өнөөдрийг хүртэл нийт 32.9 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Өмнөговьд оруулаад байна. Ханбогд сумыг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх таван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50 сая ам.долларын санхүүжилт гаргахаар Оюу Толгой компани 2022 онд амласан. Энэ хөтөлбөрийн дагуу Ханбогд сумын төвийг эрүүл, аюулгүй, гэр бүлд ээлтэй орчин болгон өөрчлөх зорилго бүхий Ханбогдын Хөгжлийн Хурдасгуур Оюу Толгойн Санг (ХХОТС) 2022 оны 9 дүгээр сард байгуулсан юм.
2010 оноос хойш Оюу Толгой үйл ажиллагааны зардлын 75%-ийг үндэсний бизнесүүдэд зарцуулсан бөгөөд тэдгээрийн 100 нь Говьд үйл ажиллагаа явуулдаг ханган нийлүүлэгчид юм. Үндэсний болон орон нутгийн нийлүүлэгчдээс авах бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ жил бүр нэмэгдэж байна.
Оюу Толгойн уурхайчид жил бүр Ханбогд сумын тэмээний баярт оролцдог. Энэ баярыг хийснээр тэмээ маллах соёлыг бий болгож, Галбын говийн улаан тэмээний сайхныг гайхан биширдэг юм.
Оюу Толгойн уурхайчид болон тэдний гэр бүлийн гишүүд Говьд мод бут тарьж ургуулах ажилд сайн дураар оролцдог. Бид Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Мод үржүүлгийн төвдөө 2011 оноос хойш говийн 33 төрлийн 457,000 ургамал, мод бутыг тарьсан.
Таван жилийн хугацаанд Оюу Толгой компани Нарийн загийн ойд 6.7 га, мөн хуучин онгоцны буудлын орчмын 45.6 га газрыг амжилттай нөхөн сэргээсэн.
2022 оны 6 дугаар сард цаг уурын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд туслах санамж бичгийг Монголын Байгаль орчны яамтай байгуулсан. Үүнд агаараас органик эмчилгээний бодис цацах замаар ойн хортон шавьжтай тэмцэх ажилд техникийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, мөн урт хугацаанд ойн менежментийг тогтвортой хөгжүүлэх чадавх бэхжүүлэх Эрүүл Ой төсөл багтаж байна.