Оюу толгой

Оюу толгой

Вебсайт руу зочлох

Монголын Өмнийн говьд орших Оюу толгойн уурхайг Монгол Улсын Засгийн газар (34%) болон Туркойз Хилл Ресурс (66%, тус компанийн 51% “Рио Тинто”-ийн мэдлийнх) хамтран эзэмшдэг. “Рио Тинто” групп 2010 оноос Оюу толгой төслийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Хэдэн арван дамнан үргэлжилсэн их хайгуул, өрөмдлөгийн эцэст 2001 онд Оюу толгойн ордын анхны томоохон нөөцийг илрүүлсэн байдаг. Хайгуул өнөө ч үргэлжилсээр байгаа бөгөөд одоогоор тогтоогдоод буй нөөцийг түшиглэн Оюу толгой 50 гаруй жил ажиллах тооцоо бий. Оюу толгойн нийт нөөцийн дийлэнх буюу 80 хувь нь газрын гүнд оршиж буй. Үүнийг олборлохын тулд газрын гадаргаас 1,300 метр, бүр түүнээс ч доош хүрч, хүдрийг гүний уурхайн тусгай арга технологиор гаргаж авах шаардлагатай.

Ил уурхайгаас олборлосон хүдрийг боловсруулан баяжуулж Хятад тэргүүтэй хэрэглэгчдэд нийлүүлж, 2018 оны долдугаар сард нийт экспортод гаргасан зэсийн баяжмалын хэмжээ 4 сая тонн давсан. Энэхүү баяжмал нь ойролцоогоор 25- 30 хувийн зэс, багахан хэмжээний алт, мөнгө болон бусад металл агуулдаг.

2015 оны тавдугаар сард “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчид Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээг баталж, хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж бүрдсэн түүхтэй. Улмаар тухайн оны арван хоёрдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхтэй холбогдох Төслийн санхүүжилтийн гэрээг олон улсын 20 банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан. Эхний 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт дээр нэмж 1.6 тэрбум хүртэлх ам.долларыг Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад зориулан зээлэхээр урьдчилан зөвшөөрсөн болно. Улмаар хоёрдугаар шатны бүтээн байгуулалт 2016 оны тавдугаар сард эхэлсэн.

Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нь

2010 оноос 2018 оны гуравдугаар улирлын эцэс хүртэлх хугацаанд “Оюу толгой” ажиллагсдын цалин, ханган нийлүүлэгч монгол компаниудтай хийсэн худалдан авалт, Засгийн газарт төлөх татвар, хураамж зэрэгт 8.3 тэрбум ам.доллар зарцуулаад байна.

2018 оны гуравдугаар улирлын байдлаар нийт ажиллах хүчний 93 хувь нь монголчууд байв. Энэ оны эхний гурван улиралд Монгол Улсын иргэдийн эзэмшлийн 562 аж ахуйн нэгжээс 313 сая ам.долларын худалдан авалт хийсэн нь мөн хугацаанд гарсан үйл ажиллагааны нийт зардлын 79 хувьтай тэнцэж байна.

“Оюу толгой” төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран өргөн цар хүрээтэй боловсрол, сургалтын хөтөлбөр, санаачилгуудыг хэрэгжүүлж ирлээ. Энэ хүрээнд техник мэргэжлийн зургаан сургууль барьж шинэчилж, сургалтыг нь сайжруулах ажил хийсэн нь мэргэжлийн боловсролын салбарт мэдэгдэхүйц дэвшил болов. Салбар салбарыг хамарсан тэтгэлгийн томоохон хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын ирээдүйн удирдагч, салбар салбарын, тэр дундаа уул уурхайн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

Өмнийн говийн хөгжлийг дэмжих нь

Өргөн уудам газар нутгаараа тархан суурьшсан өмнөговьчууд олон зууны турш нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч иржээ. Оюу толгой Өмнийн говийн, нэн ялангуяа уурхайд хамгийн ойр оршдог Ханбогд сумын хөгжлийн хөдөлгүүр болж байна. “Оюу толгой”-н дэмжлэгээр Ханбогд сумын иргэд ундны цэвэр ус, цахилгаан эрчим хүч, дэлхийн түвшний сургалт, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах болсон билээ. Тус компанийн санхүүжүүлэн барьж тохижуулсан, нийт 840 хүүхэд хүлээн авах чадалтай сургууль, цэцэрлэгийн цогцолборт мөн хүүхдээ сургаж хүмүүжүүлэх боломжтой болж байна. 

Байгаль орчноо хамгаалах нь

“Оюу толгой” дахин давтагдашгүй экосистем бүхий онцгой бүс нутагт үйл ажиллагаа явуулж байна. “Рио Тинто”-ийн байгаль орчныг хамгаалах стандартын дагуу “Оюу толгой” нутгийн байгаль, биологийн олон янз байдалд нөлөө үзүүлэхгүй байх, уурхайн үзүүлж мэдэх нөлөөллийг бууруулах зорилт тавин ажилладаг. Оюу толгой нь дэлхийн ижил төрлийн бусад уурхайд дундаа ус хамгийн бага ашигладаг нь юм. Одоогоор нийт ашигласан усныхаа 89 хувийг эргүүлэн ашиглаж байна. 

Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ

Дэлхийн зэс үйлдвэрлэлийн салбарт өндөр ач холбогдолтой болон олон үе дамнан үргэлжлэх төлөвийг харгалзан “Оюу толгой” төслийг маш удаан хэрэгжүүлнэ хэмээн тооцоолж төлөвлөн ажиллаж байна. Төслийн оролцогч талууд “Оюу толгой”-н “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх” алсын харааг чиглэл болгон, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд  хувь нэмэр болж, аюулгүй, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц зэсийн бизнес эрхлэхийг зорьдог билээ.

 

Хэвлэл мэдээллийн алба
Эрдэнийн Лхагва
Утас: +976-99109960
LkhagvaE@ot.mn

“Оюу толгой” ХХК
Улаанбаатар - 14240,
Сүхбаатар дүүрэг,
Чингисийн өргөн чөлөө - 15,
“Моннис” цамхаг
Утас: +976-11-331880
online@ot.mn