Орон нутгийн хамтын ажиллагаа

Орон нутгийн хамтын ажиллагаа

Рио Тинто болон "Оюу толгой" компани Монголын нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй ажилладаг. Тиймээс "Оюу толгой" компани 2010-2017 онд орон нутгийн нийгэм, эдийн засгийн дэд бүтцэд, тухайлбал эмнэлэг, сургууль, зам барих, эрчим хүч, усан хангамж, хог хаягдлын менежментийг сайжруулах төслүүдэд 50 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Үүний зэрэгцээ багш, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадваржуулах зэргээр нийгмийн тэргүүлэх чиглэлд тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Боловсрол, сургалт

"Оюу толгой" компани уул уурхайн нөлөөллийн бүсийн нутгийн удирдлагатай өргөн хүрээнд хамтран ажиллаж, боловсрол, сургалтын олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүд "Оюу толгой" компанийн өөрийн хэрэгцээнээс хэдийн давж, улс орны хэмжээнд техникийн боловсролын салбарт шинэчлэл, хөрөнгө оруулалт болон хэрэгжиж байгаа билээ. Үүний дотроос мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн зургаан төвийг шинээр барьж, засаж сайжруулсан хөтөлбөрийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Мөн эдгээр хөтөлбөрийн хүрээнд орон даяар мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, багш нарыг чадавхжуулах төслийг санхүүжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд 2011-2015 онд мэргэжлийн сургалтын төвийн 60 менежер, 210 багшийг сургалтад хамруулж, эдгээр багш нараар дамжуулан бусад багш нарт сургалт явуулж, улс даяар нийт 1800 багшийг хөтөлбөрт хамруулжээ.

Сургалтын тэтгэлэг бол Монголын шилдэг оюутнуудад өөрийн мэдлэг, ур чадвараа дээд хэмжээнд ашиглах боломж олгодог маш чухал арга хэрэгсэл юм. "Оюу толгой" компани жил бүр Говийн тэтгэлэг, дотоодын болон гадаадын тэтгэлэг гэсэн гурван хөтөлбөрт олон арван оюутныг хамруулдаг.

Орон нутгийн хөгжил

"Оюу толгой" компани 2015 онд Өмнөговь аймагтай хамтран "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-г үүсгэн байгуулсан юм. Уг сангаас жил бүр Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд зориулж 5 сая ам.долларын санхүүжилт олгодог. Энэ сангаас 2015-2018 оны эхэн хүртэл орон нутагт 15 сая ам.долларын 78 төсөл, хөтөлбөрийг дэмжин ажилласан байна.

Opening ceremony of the new kindergarten in Dalanzadgad, Umnugobi province

Түүнчлэн "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих ажлынхаа хүрээнд бичил санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрт хамрагдах бизнесүүдийг зөвхөн өрсөлдөх чадамжаар нь үнэлдэг бөгөөд "Оюу толгой"компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага тавьдаггүй. Орон нутагт хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр нь "Оюу толгой" компанийн шинэ ханган нийлүүлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "ХасБанк"-тай хамтран хэрэгжүүлдэг орон даяарх бичил санхүүгийн төсөлд нэмэлт дэмжлэг болж байна.

Эх сурвалж: Эрго стратежи групп. "Оюу толгой: Эрт, эдүгээ, ирээдүй" тайлан. 2018